Нүүрс нь хар, хар хүрэн өнгөтэй, амархан шатдаг нэгэн төрлийн тунамал чулуулаг юм. Нүүрс нь дээд ургамлын үлдэгдэл хүлрээс үүсэх ба дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана. Нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр бөгөөд нүүрсний ордыг ил болон далд уурхайгаар ашиглана. Англи хэлний "Coal" буюу нүүрс гэдэг үг нь Герман гаралтай үг (Германаар Kohl, Шведээр kol) бөгөөд нүүрстөрөгч ("carbon") гэдэг нэр томъёо бас ижил үүсэлтэй. Модыг агааргүй орчинд халаан, түүнд агуулагдах ус, дэгдэмхий бодисыг зайлуулан, нүүрстөрөгчийн өндөр агуулгатай (нүүрстөрөгч 85-95 %), хар өнгөтэй, хөнгөн, нүх сүвэрхэг, бутрамтгай үлдэгдэл гаргаж авахыг "Модны нүүрс" ("Charcoal") гэж нэрлэнэ. Монгол орон нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд одоогоор таамаг нөөц 152 тэрбум тонноор үнэлэгдэж байна. Нүүрсний төрлүүд Хүрэн нүүрс (Lignite мөн "brown coal") нь бага хувирсан нүүрс бөгөөд ихэвчлэн дулааны цахилгаан станцaд түлш болгон хэрэглэдэг. Чулуун нүүрс (Sub-bituminous болон bituminous coal) - нүүрсний хувирлын дунд шатны бүтээгдэхүүн. Дулааны цахилгаан станцад түлш болгон хэрэглэхээс гадна зарим онцгой төрөл-коксжих нүүрсийг коксжуулан гангийн үйлдвэрт хэрэглэнэ. Хагас антрацит болон антрацит (Anthracite) - хамгийн их хувирсан нүүрс. Голчлон утаагүй түлш болгон хэрэглэнэ.